“Шүд эрүүл бол бие эрүүл” аяны нээлтийн арга хэмжээ Блю скай зочид буудалд өнөөдөр зохион байгуулагдлаа.
Энэ үеэр монгол хүүхдүүдийн шүдний өвчлөлтэй холбоотой тоон мэдээллийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдоос тодрууллаа.
Тэрбээр “Эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн байдаг. Үүнд 0-18 хүртэлх настай хүүхдүүдийн эрт илрүүлгийг оруулж өгсөн.
Хүүхдийн эрт илрүүлгээр амны хөндийн өвчлөл хамгийн анхаарал татахуйц гарч ирж байгаа.
Эрт илрүүлэгт хамрагдсан 18 хүртэлх насны хүүхдүүдийн шүдний өвчлөлийн нөхцөл байдлыг судалж үзэхэд 1-5 настай хүүхдүүдэд шүдний эмчилгээ хийлгэх шаардлага нэмэгдэж байгаа юм.
Сүүн шүд ясан шүдээр солигдох үед шүд цоорлын тархалт хамгийн их байна. Мөн 17 нас руу дөхөх тусам шүд цоорлын тархалт дахин нэмэгдэж байгаа нь харагдсан.
Тухайлбал нэг настай хүүхдийн аманд дунджаар 8-12 шүд байх ёстой гэж тооцвол түүний дөрөв нь өвчилсөн ба нийт эрт илрүүлэгт хамрагдсан нэг настай хүүхдүүдийн 7.6 хувь нь шүдний өвчлөлтэй байсан төдийгүй 7.4 хувь нь шүдээ эмчлүүлэх шаардлагатай гэсэн үр дүн гарсан.
Харин хоёр настай хүүхдийн аманд дунджаар 12 сүүн шүд байх ёстой гэж тооцоход түүний дөрөв нь буюу аманд байх ёстой шүдний гуравны нэг нь өвчилсөн байна” хэмээн хэллээ.